УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл
© 2007, Өдрийн сонин

Монголчууд бид ардчилсан нийгэмд амьдрах болсоор 17 жилийн нүүр үзжээ. Тодруулбал төр болон хувь хүний зүгээс хүний эрх, эрх чөлөөг дээдлэх ёстойг хуульчилсан нийгэмд амьдарсаар 17 жилийн нүүр үзсэн байна.

Бүүр тодруулбал, хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашин шүтлэг зэргээр ялгаварлан гадуурхахыг хориглосон ёсыг тогтоосон нийгэмд амьдарсаар 17 жилийн нүүр үзжээ. Гэтэл өнөөдөр хас тэмдэг зүүсэн, халзан толгойтой залуус “хятад хүнийг ална, дэлгүүр лангууг нь нураана шатаана, хятад хүнтэй явж харагдсан охидын үсийг нь хусна, хятадуудын талаар гомдол байвал бидэнд ханд, бид очоод алаад өгнө” гэхчилэн мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийж сууна. Тэргүүн гээч нэг нь телевизээр үзэгчидтэй шууд холбогдон ярилцахуйд утсаар холбогдож чадсан үзэгчдийн бүр дийлэнх нь дэмжиж харагдлаа. Хятад хүний л эсрэг бол юу ч ярьж, хийж болох нь ээ. Хэрэв зээ хятад хүн гэдгийг нь еврей хүнээр, хас тэмдэгтэй монгол залуусыг нь гитлерюгэндийн герман залуус болгон солиодохвол нацизмд хийрхсэн 19З0-аад оны Герман орныг санагдуулам. Тийм ээ. Тэр үед хас тэмдэг зүүж, хар дүрэмт хувцас өмссөн герман залуус еврейчүүдийг еврей хүн болж төрснийх нь төлөө зодож, алж, дэлгүүр лангуу, орон байрыг нь нурааж, хожим нь өтгөс нялхастай юутай хээтэй нь амьдаар нь, олон мянгаар нь зориулалтын тусгай зууханд галдан шатаасан юм. Нялх хүүхдээ элгэндээ тэвэрсэн эх хүнээс хүүг нь булааж аваад хүн шатаадаг зуух руу шидэж байсан гээд бод доо! Нацист үзэл сурталд хордсон германчууд даварсаар еврейгээр зогсохгүй дэлхийн бүх үндэстэнд дайсагнаж, хүн төрөлхтөнд дайн зарлаж хийрхсэн юм. Нацист Герман хүн төрөлхтөнд асар их гай гамшиг авчирсныг дэлхийн түүх цусаар бичиж үлдээсэн байдаг. Гэхдээ тэднийг хүн төрөлхтөн олон сая иргэнийхээ амиар 1945 онд няц дэвсэж улс орныг нь хэсэглэн хувааж “хүмүүжүүлсэн” билээ. Гэтэл өнөөдөр гурван сая хүрэхгүй хүн амтай жижигхэн Монголд Хятадын эсрэг үзлээр гараагаа авч буй нацизм мэндлэх нь ээ. Хөөрхий, “Хөх Монгол“ бүлэг гээчийн залуус, тэднийг дэмжих үзэгчид нацизм гэдэг үзэл санааг төдийлөн мэдэхгүй биз.

Тэд өөрсдийгөө эх орончид, үндэсний үзэлтэн гэж боддог биз. Үнэндээ тэд эх орондоо ямар гай чирч авчрахаа төсөөлөөгүй яваа. Монгол нацист Монгол болох юм бол бөөс мэт бяц гишгүүлж хумхын тоос болно. XXI зууны соёлт ертөнцөөс манийг өмгөөлөх хэн ч олдохгүй. Ёстой хохь л гэх биз. Ингэвэл Монгол Улсын төгсгөл ирэх буй заа. Нацист Германы гайг хамгийн ихээр амссан гүрэн бол манай хойд хөрш болох оросууд. Урд хөрш маань гэвэл гутамшиг, дарлалыг үзэхээрээ нэг болж, өнөө хэр “Нохой, хятад хүн орохыг хориглоно” гэсэн хаягийг мартаагүй хятадууд бөлгөө. Хоёр хөршийнхөө аньж амжаагүй шархан дээр давс үрж байж эх орноо үгүй хийчих гээд байгаа хүмүүсийг ямар эх орончид гэх юм бэ?

Би Хятадын коммунист удирдагчдын бодлогоос маш их болгоомжилдог, үүнийгээ ч хэлдэг, бичдэг. Тэр лугаа захидаг, сануулдаг. Би улс орон маань Хятад улсаас эдийн засгийн хувьд хараат болох вий хэмээн эмээдэг хүн. Монголчууд бид улс төр, соёл гээд бүх талаараа хараат улс болох аюултай. Монголчууд бид нэгэн их гүрний хараат, түгжигдмэл улс байхын зовлон зүдгүүрийг амсахаараа нэг болсон. Энэ тухай УИХ-ын танхимд ч хэлдэг, сонин хэвлэлд ч бичдэг. Би тусгаар тогтносон Монгол Улсыг алдагдсан нутгаа гэж гөрддөг Хятадын зарим судлаач, настнуудын донгосохыг сонсож тэвчихгүйгээр барахгүй элэнц хуланцаас минь хамгаалж Цагаан хэрэм босгосноо мартсан уу гэж мохоодог нэгэн. Гэхдээ би улсын маань тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэн үзэх Хятад улстай найрамдалт сайн хөршийн харилцаагаа байнга хөгжүүлэн бэхжүүлэх нь үнэхээр сайн хэрэг гэж үздэг, бас. Хятад улсын эдийн засгийн хөгжил дэвшил нь манай эдийн засгийг хүндрэл бэрхшээлээс гарч хөгжин дэвшихэд ихээхэн тустайг бид харсаар байна. Хятадууд аргагүй л лут үндэстэн. Хүн төрөлхтний түүхийг босгосон нэгэн багана нь яах аргагүй мөн. Өөр нэгэн их үндэстэн болох энэтхэгчүүдтэй хослон дорнын соёл иргэншлийг үндэслэсэн юм. Британийн Ерөнхий сайд асан М.Тэтчер “Энэ дэлхийд хамгийн ажил хэрэгч хүмүүс бол хятадууд“ гэсэн байдаг. Хятадууд “Өөртөө тусалж чадахгүй хүнд Бурхан тусалж чадахгүй” гэсэн ихэд хэрсүү шүтлэгтэй. Зөвхөн хөдөлмөрлөж байж бусдын дээр гарна хэмээх япон, солонгос, вьетнам зэрэг Азийнхны амбиц хятадуудаас эхтэй. Үнэхээр хятадуудын хачин их хөдөлмөрч ажилсаг болохыг хараад би атаархдаг. Монголчууд бид түүнээс илүү давж гарахаар хөдөлмөрлөдөг болох юмсандаа хэмээн санааширдгаа нуух юун. Хятад хүн арвилж хямгадахдаа тэвчээр заах нь гаргуун. Ухаалаг тооцоо бол тэдний мөн чанар. Үүнээс монголчууд бид сурууштай. Хятад эрчүүд гэр бүлээ тахин шүтэж, түүнийхээ төлөө үхэн хатан зүтгэх нь уярам. Өөрийн ажил хэргийн бүтэлгүйтлийн учир шалтгааныг давын өмнө өөрөөсөө хайдаг хятадуудын дотуур тамирыг би бахаддаг. “Бусдаас буруу хайх нь чөтгөрийн тавьсан урхи” хэмээх асар гүн утга бүхий хэлц үгтэйд нь бас бахаддаг. Хятадуудын рационализм нь тэднийг амьдрах чалхтай болгох бөлгөө. Монголчууд бид хятадуудын сайн чанарыг олж хараад тэднээс суралцаж чадвал доор нь үл орох билээ. Чингэсийн үед монголчууд ингэж чадсан юм. Өвөг дээдсийн ухааныг өвлөхийн оронд “хятадуудыг ална” гэх зэргийн мангар юм ярьж, өөрсдийн өчүүхэн атгаг санаандаа өөрсдөө хордож сууснаар бид бусдын инээдийг л барна. Ер нь атгаг санаатай хүн түүндээ хордоод ухаан нь самуурч, бэтгэрч үрчийгээд улам бүр доройтон суудаг билээ. “Муу санаа биеэ отно” хэмээх монголчууд бидний үг бий.

2005 оны сүүлээр намайг Австралид очих үед ихэд шуугиан тарьсан нэгэн хэрэг болсныг өнөө хүртэл мартаагүй явна. Австралид цагаачилж ирээд иргэн нь болсон вьетнам залуу Сингапур улсад хар тамхины наймаа хийж яваад баригдан цаазлуулах болжээ. Түүнийг цаазлуулахгүйн тулд Австрали улсын Засгийн газар, шашин, олон нийтийн байгууллагууд нь чадах бүхнээ хийж байлаа. Гадаад хэргийн сайд нь Сингапурын талаас “манай залууг өршөөгөөч” гэж царай алдан гуйж, хэлцэл хийх гэж байдгаараа чармайх аж. Яаж ч хичээгээд Сингапурын хатуу төрөөс өршөөл авч чадаагүй юм.Тэгээд мөнөөх вьетнам залуу цаазлууллаа. Цаазлуулах үйл явцыг телевизээр шууд дамжууллаа. Энэ үед олон арван мянган цагаан арьстан австраличууд гудамж, сүм хийдийн өмнөх талбайд цуглан лаа асааж, вьетнам залуугийн төлөө залбирал үйлдэцгээж, олон цагаан арьстнууд уйлж зогсохыг нь би харсан билээ. Савхин хувцас өмсөөд энд тэндээсээ гинж унжуулсан танхай байрын хэсэг цагаан арьстан охид, залуус өөр хоорондоо тэврэлдэн уйлалдаж, нэгэн сахалтай бүдүүн эр нь чанга чангаар бархиран гингэнэж байсан нь одоо ч нүдэнд харагдах шиг болдог юм. Вьетнам залуугийн төлөө энэлсэн тэдгээр цагаан арьстан австраличуудыг хараад би биширч өөрийн эрхгүй догдолсон юм. Хүнийг үл ялгаварлан, дээдэлдэг ардчилсан нийгэм сэтгэл хөдлөм аж. Монгол Улсаа ийм болгох гэж бид 1990 оны хувьсгалыг хийсэн билээ! Үүнийг хас тэмдэгтэй, халзан толгойтой залуус ойлговол зохино.

Жич: Монгол Улсад оршин суугаа хятад болоод гадаадын иргэд хуулийн өмгөөлөлд байгаа хэмээн найдъя!
2007-08-30
Адуу нь (Equus caballus or Equus ferus caballus) битүү туурайт дэлэнтэн бөгөөд уналга, ачилга, хүнс зэрэгт ашиглагддаг эдийн засгийн ач холбогдол бүхий гэршүүлсэн амьтан. Хүн төрөлхтөн 10.000 жилийн өмнөөс адууг гэршүүлсэн гэдэг. Монголын нүүдлийн соёл, амьдралын хэв маяг, уламжлалт цэргийн урлаг нь адуун дээр үндэслэсэн гэхэд хилсдэхгүй.

Хүн төрөлхтөн морийг аж ахуй, дайн тулаан, спорт, зугаа цэнгэл гээд бүх салбарт хэрэглэж байна.
Дайны зориулалт: Манай эриний өмнөх 19-р зуунаас адууг дайнд хэрэглэх болсон бөгөөд үр дүнд нь тулааны хурд, зохион байгуулалт, дайны урлаг хөгжиж ирсэн байна. Дундад зууны түүх хүлэг баатаргүйгээр төсөөлөгдөхгүй бизээ. Хэдийгээр машин техникийн хөгжил дайны морины хэрэглээг орлох болсон ч, ёслол хүндэтгэл зэрэгт адууг ашиглаж байгаа.

Аж ахуйн зориулалт:
Хамгийн эртний гаршуулсан адуу мэө 4500 Төв Азиас эхлэлтэй гэгддэг. Ан агнуур, газар тариалан, хөдөө аж ахуйн зориулалтаар өргөнөөр хэрэглэж ирсэн. Мөн тээвэр худалдааны зориулалтаар нь энэ салбарын хөгжилтэй зэрэг шахуу эхэлжээ. Хэдий морины хэрэглээ үлэмж багассан өнөө үед ч адуу АНУ-н эдийн засагт 102 тэр бум долларын хувь нэмэр оруулж байдаг гэнэ.
Нүүдлийн соёл иргэншил, мал аж ахуйн орнуудад адууны хэрэглээ өндөр бөгөөд эдийн засгийн үр нөлөө нь ч төдий чинээ байдаг. Монгол орон 30 сая малтайгаас 2 сая нь адуу байна.

Спортын зориулалт:
Морин Поло, Морьт бөмбөг, Морин эрдэм(equestrian гэдгийг ингэж орчуулав), Морин уралдаан, Морьт ан, морь булгиулах зэрэг спортууд байдаг. Үндэстнүүдийн морин спортууд агуулгын хувьд төстэй боловч арга барил, техникээрээ ялгарч өөрийн гэсэн онцлогийг бүрдүүлдэг билээ. Жишээ нь Монголын Жороо морь, тулам шүүрэх зэрэг нь өрнөдийн Морин эрдэмтэй дүйх боловч уламжлалт, нүүдлийн хэв шинжтэйгээрээ ялгардаг.

Амралт зугааны зориулалт
: Орчин үед дэлгэрэх болсон хэрэглээ юм. Морин аялал, одоо морь зэргийг унах, морьт үзүүлбэр гээд олон төрөл байдаг. Үүнээс гадна, Морь ховор эсвэл хэрэглэдэггүй газар морийг хөлсөлж унуулах гэх мэтээр ашигладаг.

Морины гаралтай бүтээгдэхүүн:
Адууг уналга ачлагаас гадна тэр болгон бүтээгдэхүүн боловсруулдаггүй боловч, тоо толгой ихтэй газруудад хүнсэнд хэрэглэх явдал байдаг. Монголчууд адууны мах, сүү хэрэглэдэг цөөхөн үндэстний нэг юм. Үүнээс гадна зарим улсад мэр сэр хэрэглэдэг бүлэг хүмүүс байдаг. Адуунаас мах, сүү(саам), арьс, цус гээд хэрэглэж болно. Цусыг эртний Монголчууд холын аянд явах үедээ аргагүй тохиолдолд ууж тэнхэрдэг байжээ(Нууц товчоо 1-р бүлэг). Мөн адууны дэл сүүлийг Морин хуур хөгжмийн зэмсэгт ашигладаг.
2007-08-27
Эргэж буцахгүйн төлөө
Энэ хундагыг өргөе
Урагшаа давшиж явна гээд
Ухарч шившиг болохгүйн төлөө !

Бусдаас дутуу байж илүү гэж
Буруу ойлгоод инээдэм болохгүйн төлөө
Хөвчин дэлхийн хүчтэнтэй зиндаархах гээд
Хөлд нь үрэгдэхгүйн төлөө !

Хайртыгаа гээд дайсандаа
Хаалгаа нээж өгөхгүйн төлөө
Бусдын доромжлон байгааг мэдсээр байж
Буруу ойлгосон болж худлаа инээхгүйн төлөө !

Товчоор хэлбэл хэн хүнгүй
Толгой бөгс хоёроо солихгүйн төлөө
Эхний бөгөөд эцсийн
Энэ хундагыг өргөе !
2007-08-27

Амжилтанд хүрэхэд нууц гэж үгүй. Гагцхүү нэг ч цаг, нэг ч минутыг бүү алд

* * *

Чи байна гэдэг хангалтгүй бөгөөд харин чи ХЭН БЭ гэдэг нь хамгийн

* * *

ЧУХАЛХүн болгон алдаа хийдэг бол АГУУ хүмүүс л алдаагаа хүлээдэг

* * *

Хэрвээ та зодуулна гэж бодож байвал, өөрийгөө зодуулсанд тооц
Хэрвээ та зүрхлэхгүй хэмээн бодож байвал, зүрх тань хэзээ ч хүрэхгүй
Хэрвээ та ялалтыг хүсдэг ч чадахгүй гэж бодож байвал, ялагдаж л таарна

 

* * *

Энэ өдрийн нэг цаг, ирэх өдрийн хоёр цагтай тэнцэнэ.

* * *

Амьдрал дандаа богинохон санагддаг
Агуулга дүүрэн амьдарсны эцэст л урт болдог

* * *

2007-08-27
Дөнгөж саяхан нэг найзтайгаа интэрнэтээр "чалчив". Нэг их удсангүй намайг согтуу байна гэдэг юм байна. Хоолон дээр ус даруулж ууснаас өөр юм уугаагүй намайг, уутдгүйг маань ч мэдэх намайг тэгж хэлсэн. Би яагаад тэгж хэлснийг мэдэж байсан. Үнэндээ би согтуу байсан юм.
Сүүлийн 5н сар согтуу явна, магадгүй тэрнээс ч удаан байх. Хүн толгойгоо захирч чадахаа болихыг согтуурал гэдэг юм гэнэлээ. Сэтгэл, толгой хоёр маань зэрэг согтсон байх нь.
Шуудхан хэлэхэд нэг охиныг хардаг юм. Заримдаа хоёр болохыг нь яанаа.(согтуу). Гэхдээ нэгэнд нь би хэтэрхий татагдчихжээ. Царай зүс, үг яриа сэтгэл, үйлдэл нь намайг өөрийн эрхгүй согтоход хүргэх юм. Болдог бол алсаас манараад харах юмсан, даанч бас харамын сэтгэл гэж төрөөд байна. Бусдад ч өгөхгүй өөрөө ч хүрэхгүй хараад явах санаатай юмуудаа. Угаасаа хүрэхлээрээ өөрөөсөө хөндийрүүлээд байгаа шиг санагдаад, дөхөж чадахгүй. Миний зүгээс хэлсэн хйисэн бүхэн бит хоёрын харьцааг муутгаад байгаа бололтой. (Айж байна). Би тэрнээс холдмооргүй байна. Гэхдээ бас хэт ойртмооргүй ч юм шиг. Гайхалтай, би өөрийгөө ийм сонин согтдог гэж ердөө мэдээгүй юм байна.
Би чиний хувьд жирийн ч биш энгийн найз гэсэн, чи миний хувьд жирийн биш хэтэрхий ШОХООРХОЛ гэсэн.
2007-08-27
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
2007-08-27
Сайн байнуу Хүндэт Блог

Өглөөнөөс хойш ширээний ард суусан өдрийн тухай ямар бичилтэй биш гэж бодоод жаахан сэдэв оруулаад өнөөдрийн тэмдэглэлээ хөтлий гэж бодлоо.
Үнэндээ би дөнгөж сая ажлаа тарж ирээд гэртээ сууж байна. Ороод ирэхэд идэх юм ч байхгүй хоосон өрөө угтахаар их муухай байдгийн. Ядарсан биеэ амраагаад орон дээрээ хэвтэнгээ хувцсаа солилоо, бага зэрэг хөлс үнэртэж байна. Энэ үнэр гэв гэнэт мөнгөний үнэр шиг санагдлаа. Аргагүй, хэдий чинээ хөлс дуслуулна төдий чинээ их мөнгө олно. Тэгхээр миний цамцнаас хөлс их үнэртэх тусмаа сайн гэсэн үг юмуудаа. Цэвэрлэгч ч бай, тогооч ч бай, цагаан цамцат ажилчин ч бай бүгд л хөлс дуслуулан байж хэдэн бор, ногоон, улаан цаасны бараа харна. Эдгээр цаасыг атгаагүй цагт амьдрахад бэрх хорвоо юм хойно хөлсөө дуслуулахаас яахав. Боксын ертөнцөд хүн мөнгөний төлөө л ордог гэж дуулсан, тэр цаасны төлөө нүдүүлнэ, нүдэнэ гэхээр түүний үнэ цэнэ ямар ихийг илтгэх бизээ. Гэхдээ зарим нь хөлс гаргалгүй мөнгө олохыг хүсдэг лдээ.
Энэ зүйлийг бага зэрэг бодлоо. Бас, энэ хөлс зөвхөн мөнгөний үнэр биш юм байна. Миний хувьд дадлага, нийгэмтэй харилахад зарцуулсан хөлс урсжээ.
Давгүй өдөр өнгөрөөлөө. Баяртай
2007-07-14
Өглөө хоцролгүй боссоныг ч хэлэх үү, нар гийсэн сайхан өдөр байсныг ч хэлэх үү. Өдөр их л сайхан эхэллээ. Харин гэм нь цонхоор харахад хүйтэн санагдаад байхаар нь цамцтай гарсан буруутаж байна лээ. Бэлтгэлээ хийчихээд нээт орж жаал хэсэв. Ангийхны майлинг лист өрнөлтэй байна шүү. Үнэн сэтгэлээсээ хандах, хужаа нар даваржийн энтр гээд.
Хичээл тарлаа, семинар дээр илтгэл тавих ёстой, тэрнийхээ бэлтгэлийг багийхантайгаа жаахан хийчихээд харив.
Халуун өдөр болохоор тэгдэг юмуу, залхуураад оройн хоолоо хийсэнгүй, тэгээд оройжингоо өөртөө "инэгж болохгүй шүү" гэж үглэж явлаа. Юу гэсэн үг вэ гэвэл, хоолгүй хонож болохгүй. Бэлдэх юм нь байсаар байтал... Эртээр нэг жаахан охины тухай нэвтрүүлэг үзсийн. Индонез юм билээ. 2 дүүтэйгээ ээж нь хүнд өвчтэй, хог ухаж амьдардаг. Жаахан юм байж гэрээ тэжээгээл байгаамдаа. Нэг дүү нь бүр 5н настай мөртлөө ах эгчтэйгээ цуг хог түүж сурдын. 2 өдөр хоолгүй өнжчөөд, олсон мөнгөөрөө дан будаа аваад усанд хаяж идэх төдий л. Тэгээд "ямар амттай юм бэ" гээд байсан гээч. Хольцгүй агшаасан будааг хоосон усанд дүрж идэх ямар л амт байхавдээ... Үнэнийг хэлэхэд бага зэрэг цээж давчидсан. Би тэгэхэд юм бүхэн гэж хэлэхгүйч, наад захын юм бүгд л байна. Зөвхөн залхуурснаасаа болоод хоолгүй хононо гэж тэдний хувьд байж болохгүй мэт. Одоо байгаадаа сэтгэл хана гэдэг үгийг санаж байна. Би халууцаж байхад, өөр нэг газар даарч байгаа. Би хичээл тасалж байхад, өөр нэгэн сурахын хүслэн болж байгаа. Тэдэнд тусалж чадахгүймаа гэхэд, надад байгаа энэ их боломжоо гээчилгүй ашигдах юмсан.
Ухаарваа.
2007-07-09