Declan Galbraith - Tears in Heaven

Declan Galbraith - An Angel

 

Declan Galbraith - Love of My life

Kobukuro - Tsubomi

Yuzu - Harukaze

Fukuyama Masaharu - Tokyoni mo attanda

2007-05-20

 

                             Kutless - Grace and Love

2000 оноос би Итгэгч (Христ итгэлт) -ийн замаар амьдаржээ. Гайхалтай хэдэн жилийг Бурхантай хамт өнгөрөөсөндөө хэзээ ч харамсдаггүй. Хэдийгээр итгэгч биш байсан бол ямар амьдрахаа мэдэхгүй ч энэ л миний цорын ганц зөв зам билээ. Сонголтыг би Эзэний Хайран дотроос, гайхамшигт ивээлээс олсон. Хэзээ ч хувирашгүй, холдомгүй тэр хайр надад энэ амьдралыг өгжээ. Миний зорилго мөрөөдөл, түүндээ хүрэх замыг Тэр гэрэлтүүлж надад олгодог. Миний гэр бүл, найз нөхөд, энэ биеийн минь эрдэнэ болсон бүхэн Бурхан Эзэнээс минь иржээ.

 Гайхалтай Эзэнтэйгээ улам бүр ойртохыг хүсэж байна.

                                Kutless - Draw me a closer

2007-05-20

Хачин юм... Эртхэн босно гэж хичнээн хичээсэн ч орноосоо өндийж чадахгүй юм. Ядрах шалтгаан байгаагүйлдээ, гэхдээ үнэхээр их ядарснаа мэдэрч байна. Бодвол өөрийгөө ядарч байгаа гэж бөөцийлөөд байж магад, үгүй бол ор минь хатуудаад ч байгаан болов уу. Ямар ч байсан өглөө тааруухан бослоо. Цонхоо нээтэл 5дугаар сарын бороо, өчигдөрхөн Виетнамд сурч байгаа найз минь messenger statusе-аа ийм болгоцон байсан(тэнд бороо орж байсан болтой). Японд бол зөөлөн SQUALL  шиврээ бороо орж байна, анхных биш ч иймэрхүү зөөлөн бороо энд ховор юмаа.

Энэ өдрийн буюу энэ өдрүүдийн онцлох сэдэв Бусадтай харилцах харилцаа байлаа. Ямар нэг зүйл дээр би алдаад байгаа, эсвэл зүгээр л үл ойлголцол. Миний зан(аав бас ийм зантай санагдах юм) гэвэл хүнд өөрийнхөө бодож байгаа, дотроо шаналж байгаа зүйлээ шууд хэлдэггүй. Цээжин дотроо тэсэртэл нь хадгалаад явдаг. Жишээ нь нэг хүн миний үгийг хайхрахгүй бол "Намайг сонс" гээд хэлчихэж чаддаггүй гэсэн үг л дээ. Тэгээд өөрийгөө зөвтгөж, хүнийг буруутгаж явтал бөмбөг тэсэрнэ, тэсрэхдээ мэдээж ямар нэгэн муу үр дүн гарах болдог. 

Хүнд байдлаас гарах арга зам: Нэгэнт би яагаад алдаад байгаагаа мэдсэн болхоор алдаагаа засах л хэрэгтэй. Яаж гэдгээ гадарлдаг ч өнөөдрийн оролдлого бүтсэнгүй. Эрэгтэй хүн уг нь байнга асуудалд буулт хийх ёсгүй байх л даа, харилцааг хамгаалахын тулд би ихэвчлэн энэ аргыг сонгочихдог. Түр зуур хүйтэн дайн дарагдаж, зүү орох зайгүй нөхөрлөл сэргэнэ. Эцэст нь... ахиад нэг буулт хийх ёстой болно. Ойрын хэдэн өдөр энэ мэт үйл явдлаас өөр онц сонин миний амьдралд тохиолдсонгүэ.

5 сарын 19 ныг хэдхэн үгээр хэлэхэд: Бодолд автсан, шинийг эрсэн, эрч хүчийг үгүйлсэн, нутгийн сайхныг дурссан(эндхийн нэг Монгол ах дээр очиж ЦУЙВАН хийж идэнгээ яриа нийлэв) өдөр байлаа.

Avril-д угаасаа дуртай, бас энэ дуу нь бүр гоё байдаг юм. Keep Holding On дуугаа энэ кинонд зориулж бүтээсэн гэнэлээ.

 

Маргааш бүр сайхан болно... Амэн

 

2007-05-19

Би Чингисийн удам, найман зууны тэртээ дэлхийн талыг морин туурайгаар бөмбөрдөж явсан, хөх толбот Монгол эр. Ингэж хэлэхэд цус нь оргилохгүй Монгол хүн гэж байхуу. Азийн зүрхэнд, асар уудам газар нутгийг эзэмшин, ёстой л дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа дураараа хөрвөөж, агь таана үнэртсэн нүд алдам тал, арц гацуур ханхалсан ой хөвчөө санах үед хамар нь шархирахгүй хүн олдох болов уу. Адууны зэл, аргалын утаа Монгол наадмаа дурсахад сэтгэл нь хөөрөхгүй хүн гарахгүй бизээ.

Түүхэнд мэдээж хар цагаан, буруу зөв, алдсан авсан цаг байх ёстой. Бидний Монгол үргэлж дэлхийн талыг эзэгнээд байж чадсангүй, 1368 онд Юан гүрэн задарснаас эхлэн Монголчуудын сүр хүчин буурч, дундад азийн Цагаадайн улс 1370 он, 1395 онд, ойрхи дорнодыг захирч байсан Ил Хаадын улс, 1480-аад оноос Алтан ордын улс доройтсоноор Дэлхийн түүхэн дэх Монголын ноёрхол эцэс болов. Үүгээр ч зогсохгүй, умбасан тансагллаа санагалзсан Монгол ноёд гэртээ багтахаа больж, өөр хоорондоо тэрсэлдэх болж, хэд хэд хуваагдаад эцэст нь 1691 онд Халх Монгол, 1755 онд Зүүн гарын хаант улс яг л бидэнтэй адил нүүдэлчин гаралтай Манж нарын эрхшээлд орсон билээ. “Хэдий чинээ өндөр ниснэ, унахдаа төдий чинээ чанга унана” гэдгээр хэтэрхий түргэн хугацаанд гайхам алдарт хүрээд, түүнийгээ алдахдаа мөн бүхнээ алдчихжээ. Бусдын дор ороод зогсохгүй, эрх мэдэл, эд баялаг хүссэн ноёд нь хэрэлдсэн хүүхдүүд шиг бие биенээ Манжид ховлодог байжээ. Энэ мэт доройтсон ч бид бас хувьтай улс юм. Ард олны уур оргилдоо хүрч, гартай болгон зэвсэг барин босоход бэлэн байсан үед, урд зүгт үймээн болж, хойд зүгт нар мандлаа. “Манжаас л салж байвал чөтгөртэй ч хамаагүй нөхөрлөхөд бэлэн байсан” гэгддэг тэр цагт, Манж Чин гүрэн мөхөж, Монголыг Гамин Хятад, Манжийн дарлалаас чөлөөлж эзэн суутал, Цагаан Орос Гамингаас чөлөөлж орогнох үед нь Улаан Орос хүрч ирэн чөлөөллөө. Энэ мэт түүхэнд хэтэрхий хачирхалтай аз завшаан гэхүү, үлгэр мэт замаар бид тусгаар улс болжээ. Үүнээс хойш 70 жил, ЗХУ ийн араас дагаж, болох болохгүй бүхнийг нь дууриасаар “Ах”-тайгаа адил Монголын засаг нурах үед нь “Хонх” дугарлаа. Ингээд өнөөгийн дэлхий дахины хүлээн зөвшөөрсөн Ардчилал-н замаар алхаж явна. 18 жилийн өмнө хийсэн энэ өөрчлөлтийн үр өгөөж, хор уршиг аль аль нь одоо ч гэсэн гарсаар байна. 70 жил тэжээлгэснээсээ болоод талхаа өөрөө олж иддэг гэдгийг мэдэхгүй Монголчуудад зах зээлийн шинэчлэл гэнэтийн цохилт болж, уг нь өөр өөрсдийгөө болгоод явдаг чөлөөт ардчиллын зарчим, нэг нэгнээ мөлждөг “зэрлэг ардчилал” гэгчрүү хэлбийчихжээ. Иймд авилгал, ажилгүйдэл, амьдралын төвшиний ялгаа хэтэрхий ихдэж, энэ бүхнийхээ орон зайг зээл тусламжаар нөхдөг болсон байна.

Яг өнөөдрийн Монгол, миний амьдарч буй он цаг, эх түүхийн минь аль хэсэгт бичигдэх бол... Түүх гэгч долгиолсон хэлбэлзэлтэй байдаг гэсэн, Өөдлөх цаг байсан, унасан ч үе байгаа. Ингэж бодвол тун удахгүй бидний Монгол ахин дэлхийн тайзан дээр гол дүр болох ёстой. Гэтэл одоогийн бидний дүр төрх, залуусын маань бодол сэтгэл тэртээ арван гуравдугаар зууны эрэмгий хөвгүүдийн хэмжээнд хүрэх болов уу. Мэдээж мэс бариад тулалдахгүй нь ойлгомжтой ч, эх орноо хайрлах сэтгэл, ирээдүйд нь найдах найдвар, өөрийгөө зориулах итгэл нь тэдний адил байдаг билүү. Сүүлийн үед “тун удахгүй Монголын морьтон хөх цэргүүд гарч ирж Дэлхийг дагуулна” гэсэн яриа их түгэж, залуусын зүрхийг булиглуулж байгаа ч санасны зоргоор цэргүүд төрөөд, дэлхийг чичиргэх нь юу л бол гэж санана. Харин монголын хөх цэрэг гэдэг нь одоогоор дэлхийн чихийг сортойлгоод байгаа хөх ногоон зэсийг хэлээд ч байгаа юмуу. Яах аргагүй энэ “хөх цэрэг” дэлхийг дагуулж байна. Гэхдээ дагаж ирэгчид нь Монголын газар шороог тонож цөлмөөд гарвал энэ “хөх цэрэг” юунд хэрэгтэйсэн билээ. Энэ бүх байдалд нь өчүүхэн миний санаа зовнихоос өөрийг хийж үл чадна.

Бид азаар дурсах түүх, бахдах өвгөдтэй улс юм. Бяцхан ч гэсэн энэ үндэстнийг Чингис Хаанаар минь хаяглаад, андахгүй хүн цөөхөн ажээ. Гэвч хэдий болтол бид Чингис гэсэн нэрээр зээл авч, нүүдэлчин гэсэн нэрээр зочин цуглуулж, ядуу гэсэн нэрээр алгаа тосох юм бэ. Бидний энэ үе өөрийн гэсэн бахархах зүйл, бахдах яриа, хийсэн зүйлтэй байхыг хүснэ. Шинийг бүтээх, Өөрөө бүтээх, Түүхийг бүтээх...
2007-04-14
    Бүхнийг чадагч Bruce-ийн тухай сонссон хүн байна уу?
Хэдэн жилийн өмнө гайхалтай амжилт үзүүлж, ашиг орлогоороо тэргүүлж байсан кино. Нэг хэн ч биш байсан залууд Бурхан гайхалтай хүчээ түр зээлдүүлдэг. Тэр нь харин мэдээж л хүн болсон хойно тэр хүчээр нь туйлна шүүдээ. Тэгээд эцэст нь хэнч биш гэдгээ ухаарч энгийн сайхан амьдралаа олдог.
За энэ бол нэг кино, харин хүний амьдрал...
    Саяхан миний амьдралд тохиолдсон үнэн гэвэл: Би уг нь их тусч хүүхэд л дээ(бардамнаагүй шүү), байгаа бүхнээрээ хүнд туслахыг оролддог, дээр нь жаахан мэдээлэл сайтай болохоороо ч тэрүү найз нартаа хэцүү үед нь зөвлөх, хичээл дээр нь хүртэл туслах юмсан гэж бодож явдаг. Гэхдээ хааяаа энэ зан минь хэтрээд ИХ МЭДЭХ гэгч болчихдог гэхүүдээ. Ангийн нэг буланд хүн юм бодонгуут нөгөө булангаас БИ. Энэ миний бодлоор БАРДАМ зангийн эхлэл, эсвэл БАРДАМ зан гэж бодож байна. Жаахан томёотойхон яривал хүний мэдэхгүйг БИ мэднэ гэхийг л хэлээд байгаа боловуу. Тэгээд үр дүн нь хүмүүс надад итгэхээ болино (худлаа мэдэмхий гэж бодох ч юмуу), олон хэлбэл улиг гэгчээр миний дуу УЛИГ болно, за тоочоод байвал, өөрийнхөө туршлагаас үзэхэд нэг иймэрхүү.
    Тэгээд хүнд туслах гээд байдаг, таг дуугуй туслана ч гэж юу байхав. Яавал дээр вэ?
    Энэ талаар би бас бодож л байна. Бас ихэнх АМЖИЛТЫН ХӨТӨЧ номнууд дээр өөртөө итгэлтэй аваад л бай гэдэгдээ. Ингээд бодолд автахын цагт "Эрдэмт хүн даруу, Их мөрөн дөлгөөн" гээд бодчихвол би ямарч байсан БАРДАМ ч биш бас яггүй эрдэмтээ хүн гэдгээ мэдрээд аятайхан болж байгаа юм
(муу арга).
Гэхдээ "Бусдын анхаарлыг татдаг алдартнуудыг бодвол, даруу  хүмүүс илүү агуу олон хүний итгэл даадаг"
2007-02-05

    Ойрдоо би их кино үздэг болсон гэж хэлсэндээ, уг нь ч кино үзэж дэмий өнгөрөөх цаг байхгүй энэ залуу насанд арай өөр юм хийх юмсан. Гэхдээ миний хувьд давуу тал нь үзсэн кинон дээрээсээ эргээд өөрт хэрэгтэй юм олж мэдээд  байгаан боловуу гэж бодоод байгаа юм.  За буруу ч байж мэднэ. Саяхан нэг киноны зарлал харлаа. Хэдхэн сарын дараа SPIDERMAN 3 буюу миний дуртай киноны дараагийн анги нээлтээ хийх гэж байгаа. Тэгээд би тэр зарлалыг бүгдийг нь үзсэн. Хэрвээ мэдэх бол энэ анги дээрээ SPIDERMAN-ы хамгийн хэцүү дайсан болох өөрийх нь хар тал түүнтэй тэмцэлдэнэ. Эхэндээ түүндээ ялагдаад нилээд шаналах боловч, кино үргэлж сайхан төгсдгийн ачаар манай баатар өөрийнхөө хар талыг ялж төгсдөг юм шиг байгаа юм.
    Харин ямар наг киноны баатар биш, энгийн хүмүүс бидний дунд иймэрхүү зүйл тохиолдвол яах вэ? Хүнийг эзэмдэхийн тулд дотор гаднаас нь олон олон хар зүйл цухалзаж байдаг. Тэгээд тэр нь надад байгаа сайн талтай минь байнга үзэлцэж байдаг гэж би боддог. Жишээ нь: Жаахан амжилт гаргаад сайн яваад эхлэнгүүт хэт бардам зан гэж юм дотроос, хов жив нь гаднаас намайг атгаад авна. Тэгээд хааяаа ядарч явахад найз нөхөд туслахгүй байхаар нь сэтгэлтийн шарх гэж дайсан гарч ирнэ, араас нь дүрэлзсэн уур хилэн гараад ирэх гээд энэ мэт хар талынхан олон байдаг. Тэр хар юмаа аваад хаячихъя гэхлээр угаасаа хүний дотор цухасхан байж байдаг зүйл, хэзээ ч бүрэн арилахгүй.
    Ингээд бодохлээр хүн гэж ямар
SPIDERMAN шиг хүчтэй биш, тэгээд ч тэр хар талдаа захируулах нь амархан болхоор
Хүний дотор, миний дотор??
2007-01-30

    Би ойрдоо их олон зүйлийн талаар эргэцүүлэн боддог боллоо. Найз нөхөд, хамаатнаасаа хол болоод ганцаараа өнгөрөөх цаг минь ихэссэн болохоор ч тэр юмуу даа. Тэгээд ганцаараа байхдаа мэдээж зүгээр суухгүй, хобби болсон юм хойно хэдэн кино дарааллуулаад үзчихлээ. Үзэж дуусаад нэг бодол толгойд орлоо. Жаахан инээдтэй ч юмшиг, Дэлхий маань ер нь их олон дайсантай юмаа. Spider Man, Superman, James Bond -г үзтэл энэ Дэлхийг хичнээн олон хүн эзлэх гэж, бүх эрх мэдлийг нь авах гэж улайрдаг юмбэдээ гэж бодоод /бас л инээдтэй юм/.
    Бүхний эрх мэдлийг авч, бүх эд баялгийг эзэмшвэл... гэдэг мөрөөдөл бидний ихэнхийн маань толгойд байж л байгаа. Үгүйдээ гэхэд олон давхар байшинтай, алга ташихад гарч ирдэг зарцтай болохыг хүсдэггүй хүн нэг их биш боловуу. Зарим нь энэ хүсэлдээ үнэнч шударга замаар, жинхэнэ сайн хүн шиг амьдарсаар хүрнэ гэж боддог, харин сайн замаар юм олж долоохгүй гэдгийг сайн ойлгосон ухаантай хэсэг нь Банк дээрэмдэхээс эхлээд Америкийг цөмийн зэвсгээр сүрдүүлэх аргыг боддог шиг байгаа юм. Тэр муу залуус муу аргаар олсон хүчтэй, нэр хүндтэй байдаг. Харин зөвт сайн залуу нь үргэлж эргүүлийн цагдаа, сонины сурвалжлагч байгаад сул дорой байдаг.
     Тэгээд энэ Дэлхийд зөвт замаар хол явдаггүй юм бол сайн залуус яаж амьдрах болж байнаа?
   
Долоо дордож найм сэхнэ гэдэг үгийг л санадаг байхдаа
    Хэзээ сэхэхээ яаж мэдэх вэ?
   
Тэрийг би мэдэхгүй. Гэхдээ би Итгэдэг.
    Хэрвээ санаж байгаа бол SpiderMan-д тэр гайхамшигт хүч гэв гэнэт хүрээд ирсэн. Тэр гэмт хэргээр дүүрэн хотод сайн сайхан, шударга зөвийг тогтоох гэж хэн нэгэн аалз, эсвэл өөр хэн нэгэн хүссэн бололтой. Гайхамшигт хүчийн үүргийг ойлгосон нь сайн залуугийн амьдралыг орвонгоор нь өөрчилж, бас дээр нь тэр хотыг ч амар амгалан болгодог.
За толгойдоо орж ирсэн эмх цэгцгүй бодлыг чармайн байж буулгалаа. Эцэст нь: Дэлхий дээр муу залуус зөндөө олон байдаг ч кино үргэлж сайхан төгсдөг юм шүү Итгэ. 
                                      
Миний бодол энүүхэн л байна. Уншигч та өөрийн санал шүүмжлэл, дүгнэлтээ бичээрэй.

Эцэст нь

Nickelback - Hero (OST LOTR Return of the King)

 

2007-01-30

Яагаад энэ тухай бодоод байдгаа би ер сайн мэддэггүй, ямар ч байсан тархинд эргэлдээд салдаггүй юм. Орчлон дэлхий уудам уужим ч, бодь ертөнц болоод түүний амьдрал мөнх юм шиг авч энэ бүгдийн хажууд хүний амьдрал гэдэг өчүүхэн ажээ. Тэр тусмаа хүний идэвхтэй амьдрал тун богино, цаг хугацаа тунчиг хурдан нь гачлантай.
Хүн 60 насланаа гэвэл 720 сар буюу 21600 хоног, бүр цаашилбал 518400 цаг буюу 31 сая 104 мянган минут наслах нь ээ. Эндээс бодохоор хүний идэвхтэй амьдралын 15 сая минут л байна.
Энэ ямар аймаар вэ? Үүнээс бид хэдийг нь унтаж, хэдийг нь идэж ууж, хэдийг нь шал хэрэггүй өнгөрөөж байгаа бол. Хэдийгээр энэ тоо саяар яригдаж байгаа боловч энэ чинь минут шүү дээ гэж бодохоор нэгийг хэлээд байх шиг. Инээж хөхөрч, наргиж цэнгэж, уурлаж тунирхаж, заримдаа бүр таг гөлөрч суугаа минут бүрт амьдралын чинь хугацаанаас хасагдсаар байх болно. Тэгвэл одоо яах вэ? Цаг хугацааны хүрд нэгэнт эргэсэн л бол зогсдоггүй юмсанж. Энэ хүрдийг чи эхийн хэвлийд байхдаа эргүүлж эхэлжээ. Зогсохгүй хүрд гэдэг хорвоогийн ганцхан үнэн ажээ. Үүнийг зогсоодог, өөрөөр хэлбэл зогсоосон мэт болгодог нэг л арга байдаг байна. Энэ нь хүн болсон хувь заяандаа баярлаж, хүн шиг амьдрах л арга юм.
Хүн шиг амьдарна гэдэг нь гэр оронтой болж, авгай авч, хүүхэд гаргаж,тэднийгээ өсгөсөн төдийхнөөр зогсдоггүй юм шиг. Энэ бол зүгээр л амьтан төдий мэт. Яагаад гэвэл амьтан араатан хүртэл үүр оромжтой болж, эмэгчинтэйгээ үр зулзгаа өсгөж, яаж амьдрахыг нь зааж өгөөд гаргадаг байна. Тэгвэл миний хүн шиг гээд байгаагийн учрыг олохсон. Хүн амьтнаас хэлээрээ ялгардаг гэдэг. Гэтэл ярихын тулд сэтгэдэг боддог аж. Гэлээ ч гэсэн хүн хүнийхээ дунд л хүн байж чаддаг байна.
… Хүн хүнээс юм авах гэж эсвэл хүнд юм өгөх гэж төрдөг … гэж нэг шүлэгч шүлэглэжээ. Тэгвэл өгөх ч юм байхгүй, авах ч юмаа мэдэхгүй тийм хүн болцгоох вий гэж санаа зовох, нөгөө талаар хүн тухайн төрсөн үеийнхээ нийгэмд өөрийн гэсэн “дүр”-тэй төрхтэй амьдарч чадвал хүн шиг амьдарлаа даа би гэж өөрөө ч бодох, үеийнхэн чинь ч хүндлэх, үр удам чинь ч бахархах бөлгөө. Та юу хийж бүтээж чаднав, тэр чинь таны “дүр” болох юм. Өөрийн гэсэн дүртэй, сайн сайхан амьдрал гэдэг аав ээжийн үлдээсэн алт мөнгөнд биш, айхтар хүч, бяр, гоо сайханд биш, хүний санаж сэдэх сэтгэхүйнд байдаг байна.
Түрүүн яригдаад байсан цаг хугацааны хүрдийг зогсоосон мэт амьдрахын учиг энд цохиж явнаа гэж… Тэгвэл сана, сэтгэ, тэвч, хий, бүтээ…
Алслалт
Бага байхад “Алслалт” гэдэг хичээл заажээ. Тэгэхдээ энийг тоо, хэлний багш биш, түүх нийгмийн ухааны багш бүр ч биш, ердөө зургийн хичээлийн багш заасан байх юм. Энэ нь яадаг вэ гэхээр харгуй замыг ч юм уу, утасны шон мэтийг зурахдаа наанаа өргөн том байснаа цаашлах тусам нарийсан жижгэрсээр цэг болж зурагддаг тухай юм. Яагаад би энэ тухай санав?
Би эх орноосоо хэдэн мянган бээрийн хол суугаа Төв Монголын нэгэн хөвгүүн. Эх орон маань хичнээн өргөн уудам ч, ард түмэн минь хичнээн агуу ч гэлээ эх орноосоо холдох тусам, удах тусам сэтгэлд минь хэзээ ч ховхрохооргүй нэгэн цэг болон тогтсон бол эргэн очих, санан дурсахын цагт нөгөө цэг маань эргэн томорч, задран эгэлгүй сайхан болдог билээ. Эгээ л тэр багшийн заасан шиг сэтгэлд минь алслалт бий болсон мэт.
Ер нь эрхэм хүмүүний яс махны гол цэг, нандин бүхний учиг нь эх орон болдог байна. … Элэг зүрхнээс уяатай .. гэж дуулдагын учир энэ.
Яагаад гэвэл үеийн үед хүн өөрийн гэсэн эх оронтой байсан тулдаа түүнийхээ төлөө хэдэн үеэрээ босон, тэмцэж, ялж, ялагдаж, бодож, шаналж, алдаж онож явсаны ачаар хүн өдий зэрэгтэй болтлоо хөгжиж яваа.
Эх орны төлөө бол өөрийн болоод өрөөлийн амь юу ч биш байна аа. Надаас өмнө хэдэн зуун мянган жилийн тэртээд ийм байсан, надаас хойш хэдэн мянган жилдээ ийм л байх болно. Олон аавын хөвгүүд энэ эх орныг бишрэн хүндэлж, шимтэн харж зогсжээ. Өнөөдөр эхийн хэвлийд бий болсон үр ч гэсэн хөл ороод тэнцэхийн цагт ингэж л харж зогсох болно. Энэ олон үеийн, энэ олон хүмүүний бишрэл хүндлэлийн гол цэг болсон болохоор эх орон гэдэг ийм агуу нандин, эгэл жирийн хүндээ ч гэсэн шингэдэг байна.. Хүнд ямар ч бурхан шажин, хоол унд, нам төр, цаашлаад алтан амьнаас илүү эх орон, ерөөс хүмүүн болсоны утга учир, учирал хагацал, баяр цэнгэл, уй гуниг бүхний цаана эх орон байдаг байна. Хүн эцэг эхгүй байж болдог авч харин эх оронгүй байж хэрхэн болох. Эх орон хамгийн эрхэм байдгын учир энэ.
Санаашрал
Гучин долооныхоо жил дээр хүүхэд гаргавал сайн гэж хэнээс ч юм сонсчээ. Би сайхан хүү, охин хоёртой ч тэд маань овоо болцгоож, эхнэр бидэн дахин нэг хүүхэд хүсэн мөрөөдөхийн цагт яагаад ч юм дээрх үг шалтаг болсоор бас нэг хөөрхөн цагаан хүүтэй болсийм.
Би гэдэг хүн ажил амьдралын мөр хөөж, гэр бүл, үр хүүхдийн хамт бусдын адил хүний нутагт цагаачлан яваа нэгэн. Хүний нутагт, үгүй хүний нутагт ч гэж дээ, хүү маань энэ газар, энэ улсын иргэн болон төрлөө. Уг нь энэ улс дэлхийд тэргүүлэх гүрний нэг, амьдралын баталгаа нилээд өндөр хангадсан улс учир бид ч нэг талаас хүүдээ сэтгэл хангалуун яваа. Гэхдээ сэтгэлийн мухарт нэгэн хүнд юм дараад …
Эх орноо санан дурсахын зэрэгцээгээр хөх толбот хүүгийн маань биеэр монгол цус гүйж байгаа учраас би хүүдээ ХАНГАЙ гэж нэр өгсөн юм.
Хүү маань өдөр хоногоор өсөж, Гэрт хөөрхөн үнэр болоод, дуу чимээ авчирч, аав ээж, агаа эгээгээ дультраатуулж. Ах, эгчийнхээ бага насны мартагдах шахсан дурсамжийг сануулж, ер нь л сэтгэл хангалуун, цээж тэнүүн явнаа би. Эхнэрээ төрөхөд нь дэргэд нь байж, эх үрийн хоёр яс салах агшинг харсаны хувьд эрхгүй гэр бүл, үр хүүхдийн ариун холбоог дахин мэдэрч, тэдэндээ би хайртай байх хийгээд би өөрөө энэ гэр бүлийн хэн нь вэ гэдгээ ойлгож байна уу гэлтэй. За тэгээд цаашилбал хань ижилтэйгээ хослон амьдрахын утга, түүнийгээ хайрлахгүй байхын аргагүйг ухаарч явна. Ер нь энэ хүүхэд надад ихийг өгчээ. Хүүгээсээ ихийг авахын зэрэгцээ би өөрийн эцэг, эхийг урьд байгаагүй ихээр бодох болжээ.
Саяхан би эхнэрээсээ “Хэрвээ нутагтаа байсан бол энэ хүү маань ямар байх байсан бол” гэж асуусан юм. Тэгсэн “Ххэрвээ бид нутагтаа байсан бол энэ хүүхэд өөр хүүхэд төрөх байсан байх” гэсэн юм. Эндээс үүдээд бодоход
О.Дашбалбарын…
Өнгө алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла… гэсэн мөрийг эрхгүй санасан юм.
Нээрээ л би ч гэсэн хүн болохгүй байж болох л байж. Ингээд бодохоор эцэг эхдээ баярлахгүй байхын, тэднийгээ хайрлаж, хүндлэхгүй байхын арга алгаа.
…. Их хүний хэргийг
Иргэн хүн шүүдэггүй юм… гэж Чойном шүлэглэсэн байдаг. Эцэг, эх гэдэг үр бидэндээ их хүмүүс билээ. Эцэг эх маань ямар ч хүмүүс байлаа гэсэн үр бид гомдоод гонгиноод, шүүгээд яллаад байх хэрэг алгаа. Харин ч бид тэднийгээ сэтгэл зүрхэндээ эх орон мэт хайрлаж хүндэлж бүр тахин шүтсэн ч болох байна.
…Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий минь … гэж дуулдаг.
Би ч яахав, энэ дууг дуулаад өсөж, харин америкт төрсөн хүү минь!!!
Энэ хавьцаа л миний дурдаад өнгөрсөн сэтгэлийн дарамт оршоод байгаа юм. Би ер нь хүүгээ эх орноосоо төөрүүлчихсэн юм биш байгаа
2007-01-17

Найман зууны тэртээ Дэлхий хэмээх орон зайд Монгол гэгч ард түмэн анх нэрээ цуурайтуулж талын цагаан гэр дотор тивийн хэргийг шийддэг байсан гэдэг. Мөн эртний соёл иргэншлийн толгой Ромын эзэнт гүрнийг балмагдуулж байсан Хүннү нарыг Европчууд сайн мэднэ. Эд бүгд бидний бахархах, омогших өвөг дээдсийн минь үлдээсэн өв, бусдад гайхуулах эрдэнэ юм.

Эгэл даруу байсан уудам талын нүүдэлчид яаж энэ их хүчийг олсон талаар энэ мянганы турш шагшин шуугисан билээ. Гэтэл энэ түүх маань хэтэрхий сайхан учраас үүнийг гуйвуулан, өөрийн болгох хүсэл бусдад төрдөг байна. Чингис хаанаас эхлээд Бөртэ Чоныг ч хүртэл өөрийн мэт үзэл санаа оруулан гуйвсан түүх дэлгэрүүлдэг Хятадын зохиолчдын Чингис хааныг өөрийн болгох гэсэн хүсэл, ойрхи дорнод, дундад азийн түүхч зохиолчдын Монголчууд харгис балмад, алуурчид байсан гэх үзэл. Тэр бүү хэл Монгол газар нутгийг минь өмчлөх гэсэн суртлууд олон байдаг.

Гэтэл бид үнэн эх сурвалжаа мэдэхгүйгээсээ болоод өөр хэнд ч олдохгүй үнэт баялгаа бусдын гарт тавиад өгөх гэжүү.

Монголчууд түүхэндээ мандаж явсан, доройтож явсан. Гэхдээ амжилтад нь бардамнаж цээжээ дэлдэлгүй, алдааг нь үгүйсгэж сохроор шүтэлгүй, судалж суралцсан үнэнээ Дэлхийн чихэнд эрх мэдэлтэйгээр тунхагладаг байвал бидний түүх халдашгүй дархан болно гэж би итгэдэг.

2006-11-14

Уудам тал, урсах горхи, хөх тэнгэр хүлэг морьдоо хайрлах гэж би энэ Монгол нутагт мэндэлжээ. Гарвал угсаагаараа бахдсандаа харин биш өнөө цагийхаа өнгө төрхийг хараад уйлахдаа л энд ирсэн боловуу.
Дасал болсон салхи нь нүүрсний утаатай холилдож, танил байсан хүмүүс нь авирын муухайтай холилдож байхад би өнөөдөр ч уйлсаар л байна. Хэдийгээр сав л хийвэл эх орон гэж хашгирч эдүгээгийн явдлыг шүүн буруушаах дуртай ч өчүүхэн надад одоогоор хийсэн зүйл алга байна, эрт нэг цагт Голландыг дарлаж байсан Испаны эсрэг ард олон нь Улс орноо алдаж байсанд орвол усанд живүүлсэн нь дээр хэмээн далайн усыг хаагч даланг сэтлэн хотоо дайсантайгаа бас өөрсдөө живж байжээ. Үүнтэй адил явдал түүхийн тавцанд олон гарч байлаа. Наполеоны байлдан дагуулалд гал голомт соёл иргэншлээ сөхрүүлэхгүй гэсэндээ гэр орон мал ахуйгаа шатаасан түүхч Москва хотод байдаг. Эмгэнэлт боловч эрэлхэг эдгээр түүхийг сонсуут хөл тэнцсэн шороон дээрээ хүний муу нь орогнохыг үзэхгүйн тул амиа золихгүй юмаа гэхэд амьдралаа зориулахсан, алд биеэ тушаадаггүй юмаа гэхэд алдрын тань төлөө тууштай зүтгэхсэн гэж тэмүүллээ. Төрийг удирдсан түшмэл хүн болсонч, түмний дундах эгэл ард явсанч бай даруухан бөгөөд бяцхан чулуу түүхийн буурал талд үлдэж Миний Монголын өнө удаан хөгжил цэцэглэл Миний чулууг бага ч болов мэдэх болтугай.  

 

 

2006-11-07